Зах зээлийг нэг талаас эрэлт, нөгөө талаас нийлүүлэлт үүсч буй талбар гэж энгийнээр ойлгож болох юм. Чөлөөт зах зээлийн онцлог нь худалдагч, худалдан авагчдын чөлөөт сонголт, итгэлцэл дээр суурилсан байдаг. Социалист буюу төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагт "чөлөөт зах зээл" гэсэн ойлголт байсангүй. Учир нь Улсын төлөвлөгөөний комисс энгийн иргэд юу хэрэглэх, үйлдвэрүүд ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг батлаад өгчихдөг байв. Социалист систем ийнхүү иргэдийн жам ёсны эрх буюу ашиг олох, бүтээлчээр сэтгэх, чөлөөт сонголтыг хязгаарлаж байсан учир 1990-ээд онд нуран унасан билээ.
Зах зээлийг бүтээгдэхүүнээр нь төрөлжүүлэн нэрлэдэг. Тухайлбал, зэс, нүүрс, алт зэргийг нэгтгэн уул уурхайн түүхий эдийн зах зээл гэж хэлдэг. Үүнээс гадна Улаанбаатар хотын, Завхан аймгийн зах зээл эсвэл дэлхийн зах зээл гэх зэргээр байршлаар нь нэрлэж болно.
Тэгвэл санхүүгийн зах зээл гэж юу вэ? Санхүүгийн зах зээлийг нэг талаас санхүүжилт шаардлагатай байгаа, нөгөө талаас мөнгөө өсгөх гэж буй хүмүүсийн уулзаж буй талбар гэж үзэж болно. Үүнийг банк болон биржээр төлөөлүүлэн тайлбарлая.
Хуримтлал үүсгэж, хүүгийн орлого олох зорилгоор иргэд банкинд мөнгөө хадгалуулдаг бол бизнесийн үйл ажиллагаагаа санхүүжүүлэх хүсэлтэй иргэд банкинд хандаж зээл хүсдэг. Банк нь харилцагчдын итгэл дээр оршин тогтнож, үйл ажиллагаагаа явуулдаг санхүүгийн зуучлагч байгууллага юм. Үүний адилаар хөрөнгийн бирж дээр санхүүжилт хэрэгтэй байгууллагууд хувьцаа, бонд зэрэг үнэт цаас гаргадаг бол нөгөө талаас, мөнгөө өсгөж ашиг олох гэсэн иргэд тухайн хувыдаа, бондыг худалдан авах замаар хөрөнгө оруулалт хийдэг. Энэ үйл ажиллагаа нь хөрөнгийн биржээр дамжиж хэрэгжинэ.
Хөрөнгийн бирж нь хөрөнгө оруулагч, санхүүжигчдийн хооронд үнэт цаас болон мөнгөн хөрөнгийн арилжаа солилцоо гүйцэтгэх орчныг бүрдүүлдэг. Манай оронд хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаа бусад орнуудтай харьцуулахад төдийлөн сайн хөгжөөгүй байна. Хөрөнгийн зах зээлийг сонгомол утгаар нь хөгжүүлэхийн тулд манай улсад уг зах зээлтэй холбоотой хууль эрх зүйн системийг бүрдүүлэх асуудал юу юунаас чухал ба хууль эрх зүйн зөв систем үйлчилснээр иргэдийн идэвхитэй оролцоо нэмэгдэж, ингэснээр хөрөнгийн зах зээл хөгжих бодит боломж бий болно.
Өнөөдөр санхүүгийн зах зээл дэвшилтэт технологи ашиглан цахим хэлбэрт шилжин орон зай, цаг хугацаанаас үл хамааран дэлхийн зах зээлд оролцох бололцоо сайжирсаар байна. Энэ бүхэнтэй холбоотойгоор ойрын ирээдүйд Монгол Улсын хөрөнгийн зах зээл асар хурдтай хөгжинө гэсэн таамаглалыг гадаад, дотоодын мэргэжлийн шинжээчид дэвшүүлсэн байдаг.
Санхүүгийн зах зээл
Санхүүгийн зах зээл нь үнэт цаасны зах зээл, банкны зээлийн зах зээл гэсэн үндсэн хоёр хэсэгт хуваагддаг. Санхүүгийн зах зээлийн бүтцийг харуулья.
Санхүүгийн зах зээл
1. Үнэт цаасны зах зээл
2. Хувьцаа болон бондын гүйлгээ
3. Хөрөнгийн зах зээл
4. Үйлдвэрийн газрын үндсэн хөрөнгө
А. Мөнгөний зах зээл
Энэ зах зээлийн гол оролцогчид нь:
- Төв банк
- Арилжааны банкууд юм.
Арилжааны банкууд нь санхүүгийн зуучлалын үйлчилгээ үзүүлж, ашгийн төлөө ажилладаг. Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд харилцагчиддаа мөнгө зээлж, зээлийн хүүгээр нь орлого олдог. Зээлдэгчдээс авч байгаа зээлийн хүү, хадгаламж эзэмшигчдэд төлж буй хадгаламжийн хүүгийн зөрүү нь банкны үйл ажиллагааны зардлыг нөхөөд ашиг олох гол эх үүсвэр нь болдог. Иймд хадгаламжийн хүү нь зээлийн хүүгийн суурь болно. Зээлийн хүүг бууруулах үндэс нь хадгаламжийн хүү бага байх явдал юм.
Богино хугацаатай үнэт цаас арилжаалдаг банк хоорондын захыг мөнгөний зах зээл гэж нэрлэдэг. Мөнгөний зах зээлд ихэвчлэн Засгийн газар, Төв банк, арилжааны банкууд болон томоохон хөрөнгө оруулагч байгууллагууд оролцдог. Мөнгөний зах зээлд арилжаалагддаг үнэт цаас нь харьцангуй бага эрсдэлтэйд тооцогддог ба ихэвчлэн нэг жил хүртэл хугацаатай, хөрвөх чадвар сайтай байдаг ч бусад үнэт цаастай харьцуулахад хүү буюу өгөөж багатай байдаг.
Хөгжингүй орнуудад хувь хүмүүс ихэвчлэн Засгийн газрын үнэт цаас худалдаж авах, эсвэл хамтын санд хөрөнгө оруулж, түүгээр дамжуулан мөнгөний зах зээлд оролцдог. Манай улсад мөнгөний зах зээл төдийлөн сайн хөгжөөгүй байгаа бөгөөд одоогоор иргэд энэхүү зах зээлд оролцох боломжгүй байна. Зөвхөн Монголбанк болон арилжааны банкууд мөнгөний зах зээлд арилжаа хийж байна. Цаашид санхүүгийн зах зээл хөгжсөнөөр иргэд мөнгөний зах зээлд оролцох боломж бий болох юм.
Б. Хөрөнгийн зах зээл
Монголчууд бид "хөрөнгийн зах зээл" болон "үнэт цаасны зах зээл" гэсэн нэр томьёог ижил утгатайгаар ойлгож, хэрэглэж хэвшсэн. Гэтэл үнэндээ хөрөнгийн зах зээл нь илүү өргөн утгатай бөгөөд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой зуучлалын үйл ажиллагааг ч давхар агуулж байдаг ойлголт юм. Гэхдээ энэхүү номонд уламжлалыг даган, хөрөнгийн зах зээл гэсэн нэр томьёог явцуу утгаар нь буюу үнэт цаасны зах зээл гэдэг нэр томьёотой адилтган хэрэглэсэн болно.
Засгийн газар болон хувийн компаниуд тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, бизнесээ санхүүжүүлэх мөнгө олох зорилгоор үнэт цаас арилжаалдаг зах зээлийг хөрөнгийн зах зээл гэдэг. Хөрөнгийн зах зээл нь дотроо хувьцааны болон бонд (өрийн бичиг)-ын зах зээл гэж үндсэндээ хоёр хуваагдана. Түүнчлэн арилжаалагдаж буй бүтээгдэхүүний шинэ хуучин эсэхээс хамаарч Хөрөнгийн зах зээл нь анхдагч болон хоёрдогч гэж ангилагдах нь бий. Анхдагч хөрөнгийн зах зээлд Засгийн газар эсвэл компани бонд болон хувьцаагаа анх удаа шинээр санал болгож, улмаар "босгосон" мөнгөөрөө үнэт цаас гаргасан төслөө санхүүжүүлдэг. Харин хоёрдогч зах зээлд хөрөнгө оруулагчид өмнө нь худалдан авсан үнэт цаасаа хоорондоо арилждаг. Өөрөөр хэлбэл, арилжаалагдаж буй бүтээгдэхүүн нь "хуучирсан" байдаг.
Монголын хөрөнгийн бирж дээр хоёрдогч зах зээлийн арилжаа анх 1995 онд эхэлсэн. Улмаар 2002 он хүртэл биржид бүртгэлтэй компаниудын хувьцааны хяналтын багцыг эзэмшиж, хяналтаа тогтоохыг эрмэлзсэн томоохон хөрөнгө оруулагчдын идэвхитэй үйл ажиллагааны улмаас үнэт цаасны арилжаа шуурхай явагдаж байв. Гэвч, цөөн хэдэн тоглогчийн гарт гол хувьцаа төвлөрсөн дараагийн жилүүдэд биржийн арилжааны эрч огцом саарсан байна. Харин гадаадын хөрөнгө оруулагчид Монголын зах зээлд идэвхитэй оролцох болсон 2005 оноос дахин өсч, 2007 онд хамгийн өндөр түвшиндээ хүрч байжээ. Дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямралын улмаас 2008 оноос хөрөнгийн зах зээлийн идэвхи эрс суларсан ба 2009 оны хоёрдугаар хагасаас аажим сэргэх төлөв ажиглагдаж байна.